2016-11-16
medeelel

НАМРЫН ӨНГӨ

2016 оны 11 сарын 14, Даваа гараг  .:.  Бичсэн: 
autumn...Хүний нутагт арван нэгэнтээ моддын өнгө өнгийн навчис газарт хөглөрөн унахыг үзэв би. Хичнээн гуниглавч би энэ хувь заяатайгаа эвлэрч, хөлөөр хөглөрөх навчсыг уйтгартай нь аргагүй гишгэчин алхана. Би чамд хайртай байгаад хайргүй болж холдон одсон шиг, анхилуун үнэртэй хэрнээ нов ногоон байгаад өдгөө олон өнгөөр алаглах хэрнээ огт үнэртэхгүйгээр газраар нэг хөглөрөх навчсын дундуур сэтгэлдээ уйтгар гунигаа тээн алхана би. Яагаад энэ навчис нэгэн улиралд моддын мөчрөөс газарт унан хөглөрдөгийг би мэдэхгүй ч, янагхан уруулын шим шүүс миний уруулаас хэзээ арилж одсоныг ч би үл мэднэ. Зүгээр л тэр шөнө миний амьдралд цахилсан цахилгаан дунд асгарсан аадар бороо шиг намдаж, үүрээр уулсын бэл хөөрөх манан шиг чи холдож одсоныг өнөө хэр би ойлгож чадаагүй, бас дурсаж зүрхлээгүй. Хааяадаа зүрхэнд шүүдэр шиг буух гунигийн дуслуудыг нүцгэн хөлөөрөө үсчүүлэн байж, дурсамжаа сэргээн дүрсгүйтэхийг би хүсдэг ч, уулсын тэртээд цуурайтан эргэж надад сонсогдох хөндий хоосон чимээг чихэндээ бас зүрхэндээ сонсохдоо гуниглан харамсдаг.Газраар хөглөрөх өнгө өнгийн гоёмсог навчис дундаас би чамайгаа хайн ширтэвч олж харсан нь үгүй.

Нэгэн цагт бусдын харааг булаан сэтгэлийн чавхдасыг хөглөж асан моддын навчис өнөө хэр өнгөө солин газарт солонгорон буухыг харахдаа би баярладаггүй, харин гунигладаг. Шим шүүс нь барагдан хув хуурайгаар салхины аясаар газарт хийсэн унах өнгө өнгийн гоёмсог навчис газраар нэг хөглөрөх нь, энэ хорвоогийн хамгийн амтлаг шим шүүс нь өнгөнд бус амтанд байдгийг надад сануулах шиг. Хичнээн үзэсгэлэн гоо байгаад цагийн урсгалын салхинд хийсэн унаж хагдрах нь, хоосон чанарын барьж боломгүй илэрхийлэл мэт. Зовлон жаргалын сархиагт элэгдэж холцорсон үрчлээг минь булбарай гараараа зөөлхөн гэгч илбэх нь энэ амьдралын мөн чанарыг миний сэтгэлийн чанадаас эрж хайн аргадах мэт. Ар араасаа салхины аясаар газарт хийсэн унах өнгө өнгийн навчсын чимээ, өнгө мөнгө сүлэлдсэн энэ амьдралын зовлон тарчлааныг бидэнд учирлан хүүрнэх шиг. Хичнээн гоёмсог өнгөтэй байгаад навчис миний хөлийн гишгэдэл дор дуу алдан гиншиж бутран сарних нь, хорвоогийн хоосон чанарын дор уйлж гуниглан учирлах шиг. Сэтгэлдээ хичнээн жил гуниглан чамайг хайн бэдрэвч өнөө хэр олж чадаагүй. Тэргэл саран доор хичнээн шөнө тарчлавч би чамайг өнөө хэр олж хараагүй, харин навчсын дундаас эрж бэдэрнэ. Хэзээ ч олж харахгүйгээ мэдэх хэрнээ сэтгэлээ аргадан эрж хайсаар.

Заримдаа хуйсганан, хааяадаа халуу шатах хэрнээ хэзээ ч нэг л араншингаар тогтдоггүй намрын улиралд би гунигладаг. Аргадаж гуйгаад ч, аашилж загнаад ч аргыг нь олж барамгүй амрагийн араншин шиг намрын өдрүүд. Ирж яваа хайруу цагийн араншингийн өмнө энхрий хонгор үрсээ хаяж одох шиг моддын навчсын чимээ сэтгэлд минь гунигийн аялгууг эгшиглүүлдэг. Би газарт гунигтайгаар хийсэн унах навчсын дундуур зөөлхөн алхдаг, бас чимээг нь сонсохыг хичээдэг. Заримдаа учиргүй ихээр дурлахсан гэж хүснэ. Зүгээр л чиний булбарай гарыг чинь атган байж, гунигын сүүдэргүй нүдийг чинь эгцлэн харж "Би чамд хайртай" гэж хэлэхийг хүсдэг. Бүлээхэн амьсгал тань миний мөрөн дээр тогтож, зөөлхөн амьсгалаараа миний уруулыг хайн тэмтчихийг би хүлээнэ. Газарт унасан моддын навчсыг намрын зөөлхөн бороо дэвтээж, гар гараа атгалцсан чи бидний өмнө торгон хивс дэвсэн, өнгө өнгийн навчис бидэнд баяр хүргэн хөгжилтэйеэ эргэлдэн бүжиж, салхины аядуу сэвшээ бидэн хоёрын хацрыг үнсэн дүрсгүйтэх мөчийг хүлээх намрын улирал. Миний сэтгэлийн романсыг намрын шувууд дэвэлтээрээ удирдаж, нэгэн хормын дор нуурын мандлын давалгаа хайрын симфони эгшиглүүлэх шиг намрын улирал. Би чамайг сэтгэлдээ гуниглан хүлээдэг шүү. Тэгээд л намрын навчис дундуур зөөлхөн алхана.
Бичсэн: Enhchimeg.G | цаг: 11:35 | medeelel
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax