2016-11-07
мэдээлэл
 

“Түмэн шувуут” баяжуулсан өндгөө хэрэглэгчдэд нийлүүлэхээр болжээ

Түгээх    
2016-11-22 14:26:14 - Эрүүл мэнд

undug

-ЖИРИЙН ӨНДӨГНӨӨС 65 ХУВЬ ИЛҮҮ СЕЛЕНИЙ АГУУЛАМЖТАЙ- 

“Түмэн шувуут” компани тун удахгүй хүний биед маш хэрэгтэй селенээр баяжуулсан өндөгөө хэрэглэгчдийн гарт хүргэхээр болжээ. Селен нь хүний биед бага агуулагдах боловч онцгой үүрэгтэй микро элемент юм.

Селен агуулагдсан хүнсний бүтээгдэхүүн нь хүний дархлааны систем, зүрх судасны үйл ажиллагаа, түрүү булчирхай, бодисын солилцоог дэмждэг байна. Эрдэмтдийн судалснаар, хорт хавдар, зүрх судасны өвчний ихэнх тохиолдол селений дутагдлаас үүддэг нь тогтоогдсон байна. Манай улсын хувьд селен болон йодын дутагдалтай бүс нутагт хамаардгийг НЭМХ-гийн эрдэмтэд судалж тогтоожээ.

Иймд “Түмэн шувуут” компани Эрүүл монгол хүний төлөө, селенээр баяжуулсан өндөгийг хүн амын хэрэгцээнд нийлүүлэх зорилтот төсөл дээр АНУ-ын “Alltech” компани болон ЭМЯ, НЭМХ-гийн эрдэмтэдтэй хамтран ажиллажээ.Тус компанийн селенээр баяжуулсан өндөг жирийн өндөгнөөс 65 хувь илүү селений агууламжтай болсныг Олон Улсын SGS лабораторийн шинжилгээний дүн баталжээ.

Өнөөдөр “Түмэн шувуут” компани болон ЭМЯ, НЭМХ-гийн эрдэм шинжилгээний ажилчидтай хамтарсан селений агууламжтай өндөг үйлдвэрлэх талаархи эрдэм шинжилгээний хурал боллоо.

tsogtsetseg

-СЕЛЕНИЙ АГУУЛАМЖТАЙ ӨНДӨГ БИДНИЙ ГАРТ ХҮРГЭХ 
БОЛСОНД БАЯРТАЙ БАЙНА-

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг: -“Түмэн шувуут компани” нь нийт хүн амын эрүүл мэндэд тустай бүтээгдэхүүнийг судалж, бүтээгдэхүүнд шингээж үйлдвэрлэх болсонд үнэхээр талархаж байна. Танай компанийн хамт олон болон яамныхаа эрдэм шинжилгээний ажилчдад баяр хүргэе. Би өөрөө энэ компанийн өндөгийг байнга хэрэглэдэг. Селений агууламжтай өндөг бидний гарт хүргэх болсонд баяртай байна. Цаашид эрдэм шинжилгээний ажлаа үргэлжлүүлж, төсөл хөтөлбөр боловсруулах ёстой. Хүний биед эрдэс бодис маш их хэрэгтэй байдаг. Сэхээн амьдруулахын орон дээр хэвтэж байгаа хүнийг эмч нар эрдэсийг нь хянаад балансыг нь барьдаг шүү дээ. Аль нэг эрдэс дутагдсан хүний зүрх судасны үйл ажиллагаа доголддог. Өнөөдөр бидний хувьд экологийн нөхцөл байдал өөрчлөгдсөн үед яаж эрдэс бодисоо нөхөх вэ гэдэг тулгамдсан асуудал болж байна. Энэ тал дээр цаашид хамтран ажиллах болно.

-МОНГОЛ ХҮНИЙ БИЕД СЕЛЕНИ ХОЁР ДАХИН БАГА БАЙГААГ 
СУДАЛГААГААР ТОГТООСОН-

“Түмэн шувуут” компанийн гүйцэтгэх захирал Ж.Болд: -Өнөөдөр өндөгийг селенээр баяжуулах талаар ярилцаж байна. Яагаад селенээр баяжуулах шаардлагатай болсон бэ гэхээр НЭМХ,ЭМЯ нар хамтран Монгол хүний биед энэ бодис дутагдсан эсэх талаар судалсан. Энэ судалгааны үр дүн нь хүний биед хоёр дахин бага байна гэсэн үр дүн гарсан. Энэ селен хүний биед дутагдсанаар хүний биеийн дархлаа суларч, хорт хавдрын эрсдэл бий болгодог. Энэ бодисын дутагдлыг нөхөх хамгийн шилдэг арга бол өндгийг энэ бодисоор баяжуулах юм. Ингэхдээ бид селенээр баяжуулсан тэжээл үйлдвэрлэнэ. Энэ тэжээлээр шувуугаа хооллоно. Хэсэг хугацааны дараа селений агууламжтай өндөг гаргана гэсэн үг. Энэ өндөгийг иргэд хүнсэндээ хэрэглэснээр селений дутагдлаа тодорхой хэмжээнд нөхөх юм. Мэдээж 100 хувь нөхөх ямар ч боломжгүй. Гэхдээ өндөг хэрэглэснээр селений дутагдлыг тодорхой хэмжээнд нөхөх юм. Бид органик селенээр өндөгөө баяжуулж байгаа юм.

-Хэзээнээс үйлдвэрлэж эхлэх вэ?

-Бид хоёр жил судалгаа явуулсан. Туршилтын үйлдвэрлэлээ хоёр сарын хугацааны өмнөөс хэрэгжүүлж байна. Өнөөдөр эрдэм шинжилгээний бага хурал хийгээд, олон нийтэд энэ талаар мэдээлэл хүргэж байна. Энэ үйлдвэрлэл өнөө, маргаашгүй хийгдэхэд бэлэн болсон. Тун удахгүй иргэдийн гар дээр хүрнэ.

-МАНАЙ УЛС СЕЛЕНИЙ ДУТАГДАЛТАЙ ОРНЫ ТООНД ОРДОГ- 

НЭМХ-гийн ЭША, Анагаах ухааны доктор Э.Эрдэнэцог: -Бид энэ селений судалгааг 2012 оноос эхлэн хийсэн. Тэрнээс өмнө ч сонирхож байсан. Энэ нь манай Монголд шинэ асуудал биш. Мал эмнэлгийн докторууд 1960-аад оноос хийж байсан юм. Малд селен ямар байна вэ гэж судалж байсан байдаг. Эдүгээ бид хүнд селен бодис ямар байна вэ гэдгийг судалж үзсэн. Монгол улс селений дутагдалтай орны тоонд ордог юм. Дэлхийн дунджаас хоёр дахин бага байна гэсэн үг. Тийм учраас бид энэ бодисыг яаж нөхөх талаар судалгаа хийсэн. Судалгааны үр дүнгийн эхний алхам нь “Түмэн шувуут” компани селений агууламжтай өндөг үйлдвэрлэх болсон асуудал юм. Дараа нь бид өргөн хэрэглээний хүнсийг селенээр баяжуулах болно. Энэ ажлыг Хүнс хөдөө аж ахуйн яам, Эрүүл мэндийн сайд дэмжсэнд их баяртай байна. Цаашид олон хүнсний бүтээгдэхүүн баяжуулах ажил хийгдэнэ. 

 

У.УРАНЦЭЦЭГ

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Н.АНХБАЯР

undug

Бичсэн: Enhchimeg.G | цаг: 21:16 | medeelel
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax